Monday, September 16, 2013


Буун дуу - Арай л дэндүүлчих вүү дээ...

Ямар ч улс төрийн акцын үр дүн нь урт хугацаанд гардаг гэдгийг улс төрийн аливаа ажил хийж байгаа хүмүүс ойлгоосой. Манайхаас бусад газар ч гэсэн уул уурхайг, үйлдвэржилтийг хөгжүүлэхдээ алдаа гаргадаг, байгаль орчиндоо хохирол учруулдаг байсан. Тэд алдаагаа ойлгоод эргээд бодлогоо цэгцлээд, байгаль орчноо хамгаалаад, нөхөн сэргээдэг байсан. 
Аливаа ардчилсан улс оронд байгаль орчноо хамгаалдаг ногоон хөдөлгөөнийхөн байж л байдаг. Гэвч манай Байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийхөн арай л бишээ. Анхнаасаа дэмжих гэж үзсэн боловч аль ч хөдөлгөөнийхөнтэй ажиллах арга барил нийцэхэд хэцүү санагдсан. Ихэнх хөдөлгөөнүүд нь Төрөөс буюу Байгаль орчны яамнаас төсөл, хөтөлбөр, санхүүжилт авдаг, ихэнх нь яамнаасаа санхүү болоод менежментийн хувьд хараат, эргээд яам нь ажлыг нь дүгнэдэг учир Төрийн бодлогод хүчтэй нөлөөлөх чадваргүй сулавтар ТББ-ууд.
Харин Онги гол хөдөлгөөнийхөн тэдэн дундаа арай өөр санагдсан. Тэдний төсөл германы ногоонтнуудаас техникийн туслалцаа авахаар болж, герман хүн ирж зөвлөхөөр олон сар ажиллаж Онги голыг аврахад туслалцаа үзүүлж, тодорхой үр дүнтэй ажиллаж, зорилгодоо хүрч байсан юм. Германы мэргэжилтэн тэдэнд байгаль орчноо хамгаалах хөдөлгөөн өрнүүлэхэд орон нутгийн иргэдийг яаж татан оролцуулах, уул уурхайн компаниудтай яаж зөвшилцөлд хүрэх, яаж хуулийн дагуу Төр засгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, яаж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах лоббиг зохион байгуулах вэ гээд бүхий талын техникийн туслалцааг үзүүлсэн.
Гэтэл Төрийн ордонруу буу зэвсэг агсаад орж байгааг нь ТВ-ээр хараад үнэхээр харамслаа. Юунд харамссан гэхээр бусдаасаа арай боловсорсон, номын дуу сонссон ногоонтнууд, харин ч бусдыгаа зохион байгуулаад, сургаад, туршлагаасаа хуваалцаад, нэгтгээд бодлоготой тэмцэл явуулах учиртай хүмүүс хууль зөрчөөд, хүч хэрэглээд явж байдаг. Арай л яараад буу шийдэм болоод байгаан биш үү? Бид өнгөрсөн нийгмээс чөлөөт ардчилсан нийгэмд шилжиж, Үндсэн Хуулиа өөрчлөхдөө буу битгий хэл бороохой хэрэглээгүй зорилгодоо хүрч чадсан билээ. Гэтэл хэдхэн уул уурхайн компаниудаас болж, ганцхан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулж нийгмийн сэтгэл зүйд ийм том хар толбо үлдээх гэж.
Анхнаасаа Хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн мэдээллийг тэнцвэртэй хүргээгүйгээс болж Хөдөлгөөнийхний тэвчээрийг барсан байх. Гэхдээ л хүчирхийлэл хүчирхийллийг дагуулдаг гэж үнэн. Төрийн эргэлт, цэргийн эргэлтийн дүнд байгуулагдсан засаглал эргээд цэргийн эргэлтээр унадаг жишээ олон байна. Мөнхбаяр гуайн тэмцлийн үр дүнд гол ус байгаль дэлхийгээ хамгааллаа, бодлогогүй Төрд сануулга өгсөн нь сайн хэрэг гэж бодьё. Гэхдээ нийгмийн сэтгэл зүйд маш сөргөөр нөлөөлж байгаа юм. Манайх шиг буу зэвсэг нь замбараагүй байдаг газар удахгүй буудалцдаг болно. Энэнд л харамсаж байна. Германд ширгэсэн бохирдсон гол усыг сэргээх гэж 30 жилийг зарцуулсан. Харин нийгмийн сэтгэл зүйд суусан хүчирхийллийн сэдлийг арилгах гэж тэрнээс олон жил зарцуулах байхдаа. 

Аливаад Монгол хүний саруул ухаанаар хандацгаая!

No comments:

Post a Comment