Thursday, February 17, 2011

Ногоон-Либерал үзэл



“Хувь хүний эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдаад зогсохгүй
Байгаль дэлхийн оршин байх эрхээр хязгаарлагдана.”
            Хувь хүний эрх чөлөөг дээдэлж, бүх хүн өөрийн бүтээлч чадвараа нээн хэрэгжүүлэх эрхийг хүлээн зөвшөөрөхийн хамт хувь хүн өөрийнхөө төлөө хийгээд нийгмийн өмнө хариуцлага хүлээх учиртай гэдэг нь либерал үзлийн суурь зарчим юм. Харин нийгмийн хөгжлийн явцад хүн байгалиас бэлэнчлэн авч ашиглах сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх нь ногоон үзэл баримтлалын гол зорилго билээ. Өнөөдөр монголын улс төрийн амьдралд тохиолдож буй гэрэл гэгээтэй нэгэн үзэгдлийн нэг бол Монголын Ногоон Нам болон Иргэний Зориг Намуудын нэгдэл юм. Нийгэмд шудрага, зарчимч гэдгээрээ танигдсан 2 лидерээсээ гадна, тууштай үзэл баримтлал, нээлттэй байдал, элдэв хуйвалдаанаас ангид байсан зэрэг энэ 2 намд олон ижил төстэй эерэг чанарууд байгаа билээ. Өнөөдөр Монголын улс төрийн намуудын гаргаж тавьдаггүй олон асуудалд энэ 2 нам өөрсдийн байр сууриа илэрхийлж, ажил хэрэг болгож иржээ. Үүний тодорхой нэг жишээ бол ИЗН дарга Санжаасүрэнгийн Оюуны санаачилж УИХ-д 9 удаа өргөн барьсаны эцэст батлуулсан Авилгалын эсрэг хууль юм. Мөн Иргэний нийгмийг төлөвшүүлэхэд олон жилийн хүч хөдөлмөр, ур ухаанаа зарцуулж ирсэн МНН дарга Энхбатыг бид ФОРУМ нэвтрүүлгээр нь сайн мэдэх билээ.
             Өнгөрсөн 20 жилийн түүхээс харахад 3 дахь улс төрийн намаар бүртгэгдэн байгуулагдаж байсан МНН нь 2008 оныг хүртэл парламентад суудалгүй, хавчигдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж иржээ. Хоёр намын тогтолцоог бэхжүүлэхийн төлөө явж ирсэн АН, Хувьсгалт нам 2 сонгуулийн хуулиар дамжуулж бусад намуудын үйл ажиллагааг хаан боогдуулж ирсэн нь МНН хувьд Экологи байгаль орчны асуудлаас цааш оролцох боломжийг олгоогүй юм. Харин 2008 онд сонгогдсон МНН дарга Энхбат ногоон бүлэг үүсгэн байгуулж Ногоон үзэл баримтлалыг парламентийн танхимд амилуулсан билээ. Хууль тогтоох засаглалын нэг гишүүн болсоноор МНН-ын үйл ажиллагаа илүү өргөн хүрээг хамарч нийгмийн бүхий л салбарт УИХ-ын гишүүнээрээ дамжуулан оролцох боломж нээгдсэн билээ.
 Үзэл баримтлалаа огоорон “ард түмэндээ” “хувь хишиг хүртээх” нэрийн дор хууль бус эвслийн Засгийн Газар байгуулах хүртлээ орооцолдон хуйвалдаж буй энэ парламентад ганц ганцхан суудалтай МНН, ИЗН-ын хувьд парламентад бие биенээ дэмжсэн хамтын түншлэл үнэхээр хангалтгүй, хүчгүйдэж байгаа билээ. Хэрэв энэ 2 нам нэгдвэл ирэх сонгуульд бүлэг байгуулах хэмжээний санал авч чадахаар байна. Үүнээс ч эрх баригчид үнэхээр айж байгаа. Хэрвээ хэн нэгэн улс төрч та бидний тухай ярихдаа “ард түмэн” гэж ярьж бол  тэр улс төрчид  иргэн хүний эрх хамаагүй байдаг, “хишиг хүртээнэ”гэж ярьж байвал түүнд орчин үеийн Ардчилсан төрт нийгмийн тухай ямар ч ойлголт алга, “үзэл баримтлал хамаагүй” гэж байгаа бол энэ бол хуйвалдаан, өөр юу ч биш... 20 жил хуйвалдсан энэ хуйвалдаан хүссэн хүсээгүй дараагийн үедээ халдварлаж байна.
              Амлалтанд барьцаалагдсан эдийн засгийн бодлого явуулж буй МАНАН-тай засгийн газар, УИХ нь зууны мянганы бүтээн байгуулалт нэрээр социализм амлах нь холгүй байна. Зууны, Мянганы Бүтээн байгуулалт өрнөж байгаа газар Зууны, Мянганы Хяналт байх хэрэгтэй!!! Өнөөдөр  хийгээд Өчигдрийн Уржигдрын бүр тэрний урьдны УИХ, Засгийн газрууд нь огт хяналтгүй явж ирсэн гэдгийг өнөөгийн Монголын сүйрсэн экологи байгаль орчин харуулна. Ямар ч хяналтгүй, хариуцлага хүлээдэггүй хотын удирдлага байсныг та бидний амьсгалж буй агаар гэрчлэнэ. Бүх зүйл наймаан дээр тогтож байна. “Одоо танайх хаз-одоо манайх хазья”. Ингэж л 20 жил Монголыг хувааж идсээр одоо газар дээрхээ идэж дуусгаад гадныхнаар газраа ухуулж байгаад нүүрс идэж эхэлж байна. Тэдэнд одоо уул уурхайгаас өөр юу ч чухал биш.  Ийм эмх замбараагүй, хяналтгүй, уул уурхайд түшиглэсэн бодлогоос болж байгаль орчин хамгийн ихээр сүйрэх аюул нүүрлээд байна. Бид хойч үедээ уух ус ч үлдээхгүй байх тийм эгзэгтэй үедээ ирчихээд байна.
Бид ер нь хойч үедээ ямар нийгмийг үлдээж байна вэ? Бидний амьдарч буй энэ нийгэмд архидалт, авилгал, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, гэмт хэрэг, байгаль орчны сүйрэл, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, хүний эрхийг уландаа гишгэх, хуулийн хамгаалалтгүй хувийн өмч, бизнес дэх төрийн бохир оролцоо, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, нам төвтэй төр, төр төвтэй шарын шашин, нийгмийн сэтгэхүйн доройтол, агаарын бохирдол байж болох хамаг муу муухай бүхэн цогцоороо байна.
Хуучин нийгмийн үед төлөвшсөн сэтгэлгээтэй нэгэн үе дуусахад аяндаа нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөж, Ардчилал бэхжиж, Сайн цаг ирнэ гэж итгэж хүлээдэг байлаа. Гэтэл тэрнээс дор сэтгэлгээтэй дараагийн үе бэлтгэгдэн гарч ирж байна. “ Хүмүүс юуны тулд төрийг бий болгосон юм бэ?” гэж залуу үесээ асуувал  олонхи нь Төрөөр дамжиж хүн эд хөрөнгө цуглуулж сайхан амьдардаг гэж хариулах вий. Төр нь юуны өмнө иргэдийн амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, ард түмэнд үйлчлэх үүрэгтэй юм. Төр нь нийгмийн зүгээс түүнд хүлээлгэсэн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага эрхтэй байх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр юу ч биш юм. Төр үүнээс илүү эрх мэдлийг шаардаж өөртөө илүү үүргийг тохоож байгаа бол та бидний төлсөн татварын мөнгө, та бидний салшгүй өмч болох газар нутаг, байгалийн баялгийг идэж шамшигдуулж байна гэсэн үг юм. Төр нь анх үүссэн цагаасаа хойш  төрийн нэрээр бусдын хөдөлмөр, эд хөрөнгийг завших гэсэн луйварчдаас салж чадалгүй өнөөг хүрсэн бөгөөд тэд төрд хутгалдах тусмаа илүү их эрх мэдэл, илүү их үүргийг хүсэмжилж байдаг юм. Өнөө маргаашийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн төрд буй луйварчдаас улс орны ирээдүй хойчийг харсан ямар ч бодлого шийдвэр хүлээх хэрэггүй юм. Луйварчдын энэ увайгүй үйлдэлд хамгийн их хохирлыг хойч үе ирээдүй нь амсдаг юм. Бүх цаг үеийн туршид либералууд төрийн илүүдсэн эрх мэдэл, үүргийг хязгаарлах, төрд буй луйварчдыг хазаарлахын төлөө тэмцэж ирсэн юм. Ногоон үзэл баримтлал үүссэн  цагаасаа нийгэм эдийн засгийн хөгжлийн хөлд үрэгдэж буй байгаль экологийг хамгаалахаар тэмцэж ирсэн билээ. Ногоон-Либерал үзэл баримтлал бол хамгийн хүчтэй сөрөг хүчин, цаашлаад улс орноо, нийгэм эдийн засгаа, байгаль экологоо, иргэн хүнээ хамгийн тэнцвэртэй авч явах хамгийн оновчтой Төрийн Бодлого байх юм.
 Залуу үеээ, Монгол Улсын ирээдүйг зөнд нь орхиж хэрхэвч болохгүй бөгөөд бидний хойч үедээ үлдээх хамгийн үнэт баялаг бол байгаль дэлхийгээ шүтсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэний нийгэмд суурилсан ардчилсан ногоон-либерал  үзэл юм.  

No comments:

Post a Comment