Tuesday, February 15, 2011

МАНАН


Орчин цагийн үндсэн хуульт Бүгд найрамдах засаглалын хэлбэр нь либерал үзэл баримтлал дээр үндэслэдэг юм.  Либерализмыг үндэслэгчдийн нэг Английн гүн ухаантан Жон Локк  “Хүн бүр төрсөн цагаасаа л жам ёсны салшгүй эрхтэй. Хамгийн чухал нь амьд явах эрх, эрх чөлөөтэй байх, өмч хөрөнгө эзэмших эрх юм” гээд, хүн бүр тэгш эрхтэй учир “Хувь хүний эрх чөлөө гагцхүү бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэсэн сонгодог ойлголтыг тэрээр томъёолсон байна. Тэрээр хувийн өмчийн тухайд “ Хувийн өмч хуримтлуулах явдал нь хувь хүн гадны даралт шахалтаас чөлөөтэй байж өөрийгөө хөгжүүлэх боломжийг олж авна, хувийн өмч нь эцсийн зорилго бус, харин эрх чөлөөг олж авах хэрэгсэл юм” хэмээжээ.
Нийгэм, төр үүсэхээс бүр өмнө хувийн өмч оршин байсан бөгөөд хүмүүс жам ёсны байдлаасаа татгалзаж төрийн засаглал бүхий нийгмийг бий болгон нэгдэн орох хамгийн чухал шалтгаан бол хувийн өмчийг хамгаалахад оршино. Төр нь юуны өмнө иргэдийн амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, ард түмэнд үйлчлэх үүрэгтэй юм. Төр нь нийгмийн зүгээс түүнд хүлээлгэсэн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага эрхтэй байх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр юу ч биш юм. Төр үүнээс илүү эрх мэдлийг шаардаж өөртөө илүү үүргийг тохоож байгаа бол та бидний төлсөн татварын мөнгө, та бидний салшгүй өмч болох газар нутаг, байгалийн баялгийг идэж шамшигдуулж байна гэсэн үг юм. Төр нь анх үүссэн цагаасаа хойш  төрийн нэрээр бусдын хөдөлмөр, эд хөрөнгийг завших гэсэн луйварчдаас салж чадалгүй өнөөг хүрсэн бөгөөд тэд төрд хутгалдах тусмаа илүү их эрх мэдэл, илүү их үүргийг хүсэмжилж байдаг юм. Өнөө маргаашийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн төрд буй луйварчдаас улс орны ирээдүй хойчийг харсан ямар ч бодлого шийдвэр хүлээх хэрэггүй юм. Луйварчдын энэ увайгүй үйлдэлд хамгийн их хохирлыг хойч үе ирээдүй нь амсдаг юм. Бүх цаг үеийн туршид либералууд төрийн илүүдсэн эрх мэдэл, үүргийг хязгаарлахын төлөө тэмцэж ирсэн нь төрд буй луйварчдыг хазаарлаж дарангуйлал тогтоохоос сэргийлсэн тэмцэл байсан юм. Эдгээр төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо зориулан хэтрүүлэн ашиглах сонирхол бүхий бүлэг нь ерөнхий шинж чанараараа 2 ялгарна.
Нэг хэсэг нь төсөвт цугларсан татвар төлөгчдийн мөнгийг Төрийн өөрийн хүлээсэн үүргээс илүү ихийг олон нийтэд амлах замаар Төрийн эрх мэдлийг гартаа авах гэж тэмүүлэх ба авсан тохиолдолд хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй амлалтуудаа (үнэгүй эмнэлэг сургуулиас авхуулаад бэлэн мөнгө тараах г.м.) хэрэгжүүлэхийн тулд илүү их эрх мэдлийг төвлөрүүлдэг байна. Энэ нь зах зээлийн жам ёсны хөгжилд саад тотгор учруулж, Төрийн нэрээр оролцсон  бизнесийн салбар зөвхөн ганц нэг аж ахуйн нэгжээр зогсохгүй бүр салбараараа уналтанд орж дампуурч дуусдаг нь хамгийн эмгэнэлтэй. Эхний энэ бүлэг хүмүүсийг Зүүний үзэл баримтлалтай гэх ба товч бөгөөд тодорхой “хувь хүний материаллаг сонирхол дээр дөрөөлсөн АМЛАГЧИД” гэж нэрлэж болох юм. 90-ээд онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын дүнд Монголд дангаар ноёрхож байсан МАХН-ын үйл ажиллагааг зогсоож олон намын системд шилжсэн боловч, хуучин коммунист намын суурин дээр социал демократ үзэл баримтлал ярьсан хоосон амлагчид гарч ирснийг бид бүгд мэдэх билээ. Зүүний үзэл баримтлалын туйлширсан хэлбэр нь коммунистууд бөгөөд тэд нийгмийн тогтоон баридаг байсан ганц том АМЛАЛТ нь социализм байгуулах юм. Социализм гэдэг нь  бүх зүйл үнэгүй, бүр дэлгүүрийн бараа  машин тэрэг хүртэл үнэгүй, гэхдээ тэнд ХҮНИЙ ЭРХ гэж байхгүй. Үүнийг мэдэж байгаа нэгэн байвч ийм тэнэг зүйлийг амьдралдаа сонсож байгаагүй ч гэсэн МАХН, МАН-ын гишүүн болчихоод явж байгаа 20-иодхон настай залуустаа зориулж тайлбарлалаа. В.И.Ленин нэгэнтээ “Пролетарийн ардчилал бол бусад үзэл баримтлалаас илүү ардчилсан үзэл бөгөөд Зөвлөлт засаг бол дэлхийн Бүгд найрамдах засаглалтай орнуудаас хэдэн сая дахин илүү ардчилсан улс юм” гэж хэлж байжээ. Одоо энэ ХУ намыхны яриад байдаг нийгмийн ардчилал чинь Лениний ардчилал юм шүү дээ! Коммунистууд социализм байгуулахыг нь эсэргүүцвэл “Сайхан амьдар эсвэл үх” гэсэн ганцхан зарчимтай байсан бөгөөд  мэдээж эсэргүүцсэн олон сая хүнийг 70 жилийн турш алж хядсан билээ. Тэгэхээр зүүний үзэл баримтлал нь хүний эрх чөлөөтэй хэзээ ч хамт байдаггүй бөгөөд сонгуульд зүүний нам ялсан тэр өдрөөс эхлэн таны эрх зөрчигдөж эхлэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Итгэхгүй бол нотолж өгч болно.
             Нөгөө бүлэг луйварчид нь барууны үзэл баримтлалтай хэмээн ялгарах бөгөөд анх үүсэхдээ л хувь хүний эрх чөлөө, тэгш эрхийн зарчим, парламентат ёс зэргийг хүлээн зөвшөөрдөөгүй байсан нь одоо ч баруунтнуудаас үнэртдэг. Эднийг Консервативчууд гэж нэрлэнэ. Консервативчууд нь бүхий л цаг хугацааны турш дотроо үзэл баримтлалын зөрчилдөөнтэй явж ирсэн юм. Тэд цөөнхийн (хөрөнгөтний эсвэл сэхээтний) дангаар захирах ёсыг талархагчид мөртлөө эрх чөлөөт байдлыг эрхэмлэх гэх мэт зөрчил түгээмэл байсаар өнөөг хүржээ. Баруунтнуудын туйлширсан хувилбар нь фашист, нацист, үндсэрхэг үзэлтнүүд, тоталитари дэглэм тогтоогчид бөгөөд ерөнхийд нь дүгнэж хэлбэл Засгийн эрхийг авсан тохиолдолд хүч хэрэглэн хадгалж үлдэх гэсэн эрмэлзлэл бүхий бүлэг гэж тодорхойлж болно. Консервативчууд бол хувь хүний болоод нийгмийн эерэг өөрчлөлтийн боломжид үл итгэгчид, гутранги үзэлтнүүд юм. Түүгээр ч үл барам нийгмийг зохион байгуулалтыг тэгш бус зарчимд үндэслэж нийгмийн халамжийн бодлогыг эсэргүүцэж, баян эсвэл ядуу амьдрах жам ёсны эрх нь хүнд өөрт бий гэсэн зарчимаар нийгмийн эмзэг давхрагыг зөнд нь орхих бодлого явуулдаг байна.
Барууны болоод Зүүний үзэл баримтлалууд нь Төрийн эрх мэдлээр далимдуулж луйвар хийх өөр өөрийн өвөрмөц аргуудтай. Эдгээр луйврын арга хэрэгслүүдийг өнөөдөр эрх баригч МАНАН гайхамшигтай хослуулан ашиглаж Та биднийг байж болох хамгийн муухай нийгэмд амьдруулж байна. Бидний амьдарч буй нийгэмд энэ дэлхийн улс орнуудад ганц нэгээрээ байдаг  архидалт, авилгал, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, гэмт хэрэг, байгаль орчны сүйрэл, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, хүний эрхийг уландаа гишгэх, хуулийн хамгаалалтгүй хувийн өмч, бизнес дэх төрийн бохир оролцоо, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, нам төвтэй төр, төр төвтэй шарын шашин, нийгмийн сэтгэхүйн доройтол, агаарын бохирдол гээд байж болох хамаг муу муухай бүхэн цогцоороо байна. 
үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment