Monday, February 28, 2011

Өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалд...

Өнөөдөр Монгол Улсад коммунист нам байгуулагдаад одоог хүртэл оршин тогтнож байгаа 90 жилийн ойн өдөр. Коммунистууд бидний өвөг дээдэс болох 30000 гаруй Монгол Улсын иргэнийг хэлмэгдүүлэн хороосон билээ. Ийм зүйлийг дахин давтагдуулахгүйн тулд "Коммунистууд гэж хэн бэ?" гэдгийг өнөөдөр сайн таньж ав!!!

Sunday, February 27, 2011

Нэгэн улстөрч онолдох гэж оролдов

Философийн ухааны доктор Б.Батчулуун багшийг саявтархан ТВ9-ийнхэн нэгэн нэвтрүүлэгт урин оролцуулсан ч, сүүлд нь гаргахдаа засвар хийн, яриаг хасаж хэлмэгдүүлсэн байна. Багш үүнд их эмзэглэн залруулага нийтэлсэнийг өөрийн блогоороо дамжуулан та бүхэнд хүргэж байна. Философийн ухааны доктор Б.Батчулуун Либертаризмын Монгол дахь хамгийн том төлөөлөгч гэж үздэг бөгөөд өөрөөс нь асуулгүйгээр шавь нь болсондоо уучлалт хүсье.

“Шинжлэх ухааны хамгийн аугаа нээлтийг өчүүхэн оюун
ухаан хүртэл шоолохыг сэтгэлгээний эрх чөлөө гэх болжээ.”

Т.Х.Хьюкслэй, Байгаль дахь хүний байр суурийн тухай баримт

Би ч мөн гэнэн хонгор юм билээ!

ТВ-9-д ажиллаж буй Төрмөнх хэмээх сэтгүүлчийг миний бие зүс таних юм. Өмнө нь ганц хоёр удаа уулзаж байхад либертари үзэлд их л талархалтай ханддаг хэмээн өгүүлдэг нэгэн байв. Тэгээд түүний урилгаар ТВ-9-ийн I сувгаар үндэсний үзлийн талаарх ярилцлагад улстөрч М.Энхсайхан, “Тэнгэр угсаа” гэсэн байх нэгэн нийгэмлэгийн тэргүүн Даваа гэсэн хүмүүстэй үндэсний үзэл, эх оронч үзэл, үндсэрхэг үзлийн талаарх ярилцлагад орлоо. Эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн мэтгэлцээн юм болов уу гэж бодсон. Гэтэл тийм биш, М.Энхсайханыг сурталчлах зорилготой нэвтрүүлэг байсан юм билээ. Бичлэгтэй нэвтрүүлэг л дээ. Эфирт цацагдахаар нь үзсэний дараа надад яг л хүнд гүтгүүлж, гүжирдүүлчихсэн юм шиг сэтгэгдэл төрөв. Уг нь нэг их гүтгээд гүжирдчихсэн юм байхгүй. Гэхдээ эфирт гарахдаа миний ярьсан баахан хасагдаад, М.Энхсайханы ярилцлага яг хэвээр гардаг юм байна.

Анх нэвтрүүлгийн бичлэг хийх үеэс л нэг эвгүй сэтгэгдэл төрөөд явчихсан юм аа. Нэвтрүүлэг хөтөлж байсан сэтгүүлч хүүхэн “Дарга аа, дарга аа танаас асуух нэг асуулт байна”, “Таны бичсэн номноос харахад ...”, “Чонон сүлд номын тухай таны өгүүлэлд ...” гээд юм л бол М.Энхсайхан уруу хандраад микрофон надад олдохгүй шинжтэй болсон. Ингээд нэвтрүүлгийн ихэнх цагийг “дарга” яриад өнгөрөөсөн дөө, хөөрхий. Бүр сүүлдээ залхуу хүрээд гараад явчихмаар санагдсан шүү. Бод л доо, бичлэгт орохдоо л бага яриулах зорилго тавиад дараа нь эфирт цацахдаа монтажлан хасаад хаячхаар чинь надаас юу үлдэх вэ дээ. Үүнээс хойш монтажтай нэвтрүүлэгт тун болгоомжтой орохоор юм билээ. Тэр тусмаа улс төрчидтэй бол шууд ярилцлагад л орохоос өөр аргагүй.

Энэ нэвтрүүлгийн тухай найз нартаа хэлтэл тэд баахан инээлдсэн. Тэдний хэлж байгаагаар би мөн ч “гэнэн хонгор” юм билээ. Учир нь, очиж очиж ТВ-9-өөр ярилцлагад ордог. Энэ телевизийн цаад эзэн нь Н.Энхбаяр. М.Энхсайхан чинь Н.Энхбаяртай үй зайгүй найз гэдгийг мэддэггүй юм уу гэцгээв. Хоёрт, Сэтгүүлч Төрмөнхийн хийж буй нэвтрүүлэгт ордог нь яаж байгаа юм гэнэ. “Цаадах чинь М.Энхсайханы гарын хүн, ерөнхийлөгчийн сонгуулийн үед Энхсайханы хэвлэл мэдээллийг хариуцдаг байсан шүү дээ” гэж байна. Гуравт, Хамгийн гол нь улс төрчидтэй тэдний телевизээр гарах, монтажтай нэвтрүүлэгт хэзээ ч орж болдоггүй аж. Бичлэгтэй нэвтрүүлгээр бараг л хэлснийг хэлээгүй, хэлээгүйг хэлсэн, мэдсэнийг мэдээгүй, мэдээгүйг мэдсэн, муу логикийг хамгийн сайн, сайн логикийг хамгийн муу болгон харуулж болдгийг мэддэггүй юм уу гэж ирээд баахан сургаал айлдацгаасан. Нээрэн ч над шиг “гэнэн хонгор байхгүй юм байна” гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байна. Би бичлэгийг нь засаж янзлаагүй байхад нь СД дээр хуулаад авъя гэж Төрмөнх дээр очоод авч чадаагүй шүү.

Үндэсний үзлийн талаарх нэгэн “суут” бүтээлтэй танилцав


Үндэсний үзлийн талаар нэгэн ном гарсан гэдгийг би урьд нь сонссон байв. Гэхдээ тиймэрхүү сэдвийг сонирхдоггүй болохоор хойноос нь нэг их шимтэж хөөцөлдөөгүй юм. Харин энэ нэвтрүүлгийн дараа зохиогч нь нэр усаа тавиагүй тэр бүтээлтэй зориуд танилцлаа. Үнэхээр сул эд аж. Зохиогч санаагаа үндэслэхийн тулд сэтгэлгээний хамгийн муу аргыг ашиглажээ. Сонгодог логикт ярьж буй зүйлийнхээ мөн чанартай холбоогүй, зөвхөн хүний сэтгэл санаанд тааруулахын тулд ашигладаг argumentum ad hominem  гэдэг арга байдаг (харин хүнд хандсан ийм үндэслэгээний эсрэг юмсын мөн чанар дээр тулгуурласан үндэслэгээг argumentum ad rem гэнэ). Өөрөө ийм арга байдаг гэдгийг мэддэггүй, зөвхөн муу санааны үүднээс хүмүүст таалагдахын тулд сэтгэлгээний маневр хэрэглэсэн байж болох л доо. Гэхдээ үнэндээ энэ нь үндэслэгээ биш. Улс төрчид л хүнд таалагдах гэсэн энэхүү үндэслэгээ болон argumentum ad ignorium-ийг (энэ бол хүмүүсийн үл мэдэхүй дээр тоглож, элэг барьж даапаалсан үндэслэгээ) их хэрэглэдэг. Уг “бүтээл” 2010 онд хэвлэгдсэн бөгөөд Таны мэдэх ёстой үндэсний үзэл гэсэн нэртэй аж. Номон дахь үндсэн санаа М.Энхсайханы ярьж буйтай тун төстэй санагдсан. Бараг түүний бүтээл мөн байх. Зохиогч нэгэнт нэрээ тавиагүй учраас би “М.Энхсайхан энэ номондоо ...” гэлтэй биш “Зохиогч эл бүтээлдээ ...” гээд явахаас.

Зохиогч үндэсний үзэл, эх оронч үзэл хоёрыг эрс ялгаатай үзлүүд мэтээр тайлбарлажээ. Үгийн үндэс-этимологи, агуулгын талаар хамгийн алдаа мадаггүй бүтээл туурвидгаараа алдартай Оксфордын тайлбар толийг хараарай. Тэнд үндсэрхэг үзэл гэдгийг  еxtreme patriotism - туйлширсан эх оронч үзэл (электрон тайлбар толь дээр), exaggerated or aggressive patriotism – хэт буюу харгис эх оронч үзэл (цаасан хэвлэл дээр) гэж тодорхойлсон буй. Үнэндээ эх оронч үзэл, үндэсний үзэл, үндсэрхэг үзэл 3 нь мөн чанараараа нэг их ялгаатай үзлүүд биш. Энд эдгээр ойлголтыг огт өөр ойлголтууд мэтээр харуулахын тулд үгээр тоглосон нь илт байв. Бас үндсэрхэг ба үндсэрхэх үзэл гээд ялгасан ч байх шиг.

Шовинизм буюу үндсэрхэг үзэл гэдэг бол дэлхий нийтээр тогтчихсон ойлголт шүү дээ. Ийм хийрхүү үзэл яваандаа олны элэг доог, тохуу болдгийг түүх нэгэнтээ харуулсан. Напелеоны армид Шовин хэмээх цэрэг байж. Тэрээр 10 гаруй удаа шархадсан боловч армиас халагдалгүй үлдэж, Напелеоноос “Алдрын сэлэм”-ээр хүртэл шагнуулж байв. Францчууд эхлээд түүгээр бахархдаг байсан боловч 30-40 жилийн дараа хийрхүү, онгироо, дөвчин хүнийг Шовиноор дүрсэлж түүнийг шоолж тохуурхсан жүжиг хүртэл тавих болжээ. Зохиогч өөрийнхөө бүтээлдээ үндэсний үзэл сайхан, харин эх оронч үзэл муухай гэж үзүүлэхийг оролдсон байна. Эх оронч үзлээс гадуур байх үндэсний үзэл, үндэсний үзлээс салангид эх оронч үзэл гэдэг бол зүгээр үгэн жонглёр. Зохиогч ийнхүү эх оронч үзэл, үндэсний үзэл хоёрыг тэс хөндлөн зүйл мэтээр ярьж байснаа АНУ-ын тухайд болохоор энэ хоёр нь нэг зүйл мэтээр өгүүлж холион бантан хийжээ.

Үгээр тоглохоос гадна санаанд орсон зүйлээ асар их судлагдсан, батлагдчихсан зүйл мэтээр өгүүлсэн нь олонтаа. Тухайлбал, зохиогчийн үзэж буйгаар “Алтан ураг” гэдэг нь “хар хайрцагны” бодлого юм байх. Ахуйн төвшинд зөв ч юм шиг харагдах иймэрхүү хуумгай дүгнэлт дэндүү олон тааралдсан. “Шударга ёс” гэсэн категорийг хэрэглэхдээ justice, fairness гэдгийн аль утгаар ярьж буйг нь ойлгосонгүй. Justice гэдэг нь бүр Сократын үеэс философийн утга зохиолд орж  ирсэн философи, хууль зүй, ёс зүйн маш гүнзгий утгатай нэр томьёо, үүнийг “зүй ёс” гэж орчуулдаг (“ёс зүй” биш шүү), fairness нь болохоор ахуйн төвшинд яригддаг шударга ёс гэсэн ойлголтууд шүү дээ.

Номонд буруу зөрүү өгүүлбэр, томьёолол их байна. Ийм жижиг номонд яасан ч том алдаанууд гаргаа вэ гэж бодогдохоор. Жишээ нь, “Орчин үеийн эдийн засаг угтаа үндэсний үзэлд тулгуурладаг. Капитализмын амин сүнс бол үндэсний үзэл байдаг” гэжээ!!! Хаана байж байгаад ирэхээрээ, яаж сохрохоороо ийм ил тод зүйлийг хардаггүй байна аа. Орчин үеийн эдийн засаг, өнөөгийн капитализм нь хамгийн интернациональч үзэгдэл шүү дээ. Тийм ч учраас Жохан Норбэрг Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй (Улаанбаатар 2007 оны монгол хэвлэл) номондоо “Даяаршил гэдэг бол хачирхалтай нэр томьёо. Энэ чинь зүгээр л капитализмын тархалт шүү дээ” гэсэн юм.

Тэгээд цааш нь иймэрхүү бүх номонд байдаг нэг сэдэв болох дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан, түүний байлдан дагуулалтын тухай “нөгөө магтуу” бас байлгүй яахав. Өнөөгийн XXI зууны иргэд бид “байлдаагүй дагуулалт”, шинжлэх ухаан техникийн ололт, хөгжил, үндэстэн ястан нэгэндээ нээлттэй, энэрэлтэй хандан байж дэлхийг дагуулсан түүхийг яримаар байгаа юм даа, уг нь. Өдий төдий олон хүнийг дайн байлдаан уруу түлхэж байсан Чингис хаан, ард түмэндээ үйлчилдэг төрийг анх бий болгосон гэнэ. Мөн монголчууд дэлхий дээрх анхны үндэстэн юм байх. Ийм популист, эрүүл ухаанд огт таарахгүй дүгнэлт их хийжээ. Бүр байсаар дайныг зөвтгөсөн үндэслэл олох гэж оролдоод ч байгаа юм уу гэж бодмоор. Яахаараа орчин үеийн сэхээтэн хүнд ийм бодол төрдөг байна аа. Дайн бол аль ч үед бузар булай зүйл байсан, хойшид ч тийм байх болно. Дайныг зөвтгөх үндэслэл коммунистууд болон фашистуудад л олддог. Харин энэ удаа номыг зохиогч олчих шиг боллоо.

Тун бага хэмжээний энэ номонд гадаадын 3 хүний өгүүлэл багтсан нь номын талаас илүү зайг эзэлжээ. Гол нь энэ гурван өгүүллийн хоёроос үндэсний үзлийг дэмжсэн утга шууд харагдахгүй, тэр ч бүү хэл гурав дахь өгүүлэл буюу Л.Толстойн өгүүлэлд зохиогчийн яриад байгаагийнх нь  яг эсрэг утга байна гээч. Анхааралтай унших юм бол тэдгээр өгүүллээс Үндэсний Шинэ Намын эсрэг логик гарна. Гэтэл зохиогч андуурна, андуурна гэхэд хэт андуурч өөрийнхөө эсрэг өгүүллүүдийг номондоо оруулсан байдаг байна шүү. Зохиогч маань тексттэй харьцаж сураагүй хүн бололтой. Энэ гурван өгүүлэл болон номын эцэст хадсан зүйр, цэцэн үг нь ямагт өөрсдийнх нь шүүмжлээд байдаг гадаадын сэтгэгчдийн үгнүүд байх юм. Хэрэв мань мэтийг ном, нийтлэлдээ ийм олон Барууны хүний нэрийг оруулбал “Ингээд л эд, Барууны үзлээр толгойгоо угаалгачихсан байгаа юм” гэж загнана даа.

Бас нэг инээдтэй зүйл тааралдсан. Зохиогчийн бодлоор өрхийн тэргүүн л гэр бүлийн бүрэн эрхт эзэн гэнэ (Шууд ингэж хэлээгүй ч, логик нь яг ингэж уншигдаж байна лээ. Ер нь шууд хэлчихсэн гэхэд ч болно). Яг л Азийн патерналист уламжлал даа. Либертари уламжлалтай орнуудад бол өрх гэрийн гишүүд бүгд ижил эрхтэй байдаг. Ийнхүү зохиогч маань алхам бүр дээр либертари үзэлтэй зөрчилдөж байна. Номыг зохиогч өөрөө л гэртээ ноён зан гаргадаг байх. Ер нь тэгээд өрх гэр гэдэг чинь хувь хүмүүсээс тогтдог юм биш үү! Өрх гэрийг дээдлэх гээд байгаа хүн, хувь хүнийг үзэн ядаж болох уу!

“Хүчтэй төр” гэдэг ахуйн төвшинд их яригддаг боловч цаагуураа хамгийн харгис утга илэрхийлдэг энэ ойлголтыг зохиогч шууд хэрэглэсэн байна лээ. Төрийн хүний ямбыг нэмэхийн тулд тэдний хэрэгцээнд зориулсан төсвийг нэмэх, түшмэдийн орон тоог нэмж төрийг данхайлгах санааг ил тод хамгаалсан байх юм. Одоо ийм юм ярьдаг сэхээтэн байдаг л юм байна. Ёстой дур гутмаар. Үнэндээ, төр бол нийгэмд материал баялгийг бүтээдэг бус хэрэглэдэг ганц том хэрэглэгч. Тэнд “паразитууд” л үрждэг. Одоо Монголд төсвийн мөнгийг төр шиг их үрэн таран хийдэг институци байхгүй. Гэтэл төрийг улам бүр олон хүнтэй болгож, хүнд сурталтнуудын цалин мөнгийг нэмэх тухай ярьж байх ч гэж дээ. Бас тэгээд “төрийн өмч” гэж яриад байгаа юм шүү. Төрийн өмч гэж ямар юм байдаг юм бэ? Төр, олон нийтээс авсан мөнгөн дээр тогтож байдаг зүйл шүү дээ.

Цааш нь шашны, ахуйн, аль эсвэл улс төрийн ойлголт болох нь мэдэгддэггүй “Төв үзлийг” их таашаажээ. Энэ нь юмс үзэгдлийг товч тодорхой илэрхийлэхээс зайлсхийсэн үзэл байдаг. Номын үзэл санаа үнэхээр хоцрогдсон үзэл дээр тулгуурлагдсан байна лээ. Энэ ном бол зүгээр л сонгогчдодоо зориулж бичсэн сэтгэл татам уриа лоозун, хоосон үгийн цуглуулга.

Мэдээжээр, энэ номны нэг сэдэв бол Нууц товчоо байж таарна. Уг нь Нууц товчоо нь Платоны Софист, Парменид, Төр, Аристотелийн Улс төр, Метафизик, Физик, Никомахын ёс зүй бүтээлүүдээс 1000-гаад жилийн хойно бичигдсэн бүтээл шүү дээ. Тэгэхэд л дээрх бүтээлүүдийн дэргэд үлгэр домгийн шинжтэй, гэнэн гэмээр санаа илэрхийлсэн байдаг. Ер нь монголчуудын бүх зүйл дээр иш татаж байдаг энэ бүтээлийг “Утга зохиолын эх сурвалж бичиг” болох талаас нь баталсан ганц хүн байдаг бөгөөд тэр нь Ш.Гаадамба агсан. Харин түүх болон одоо яриад байгаа шиг философи, улс төр судлал, социологи, тэр ч байтугай математик, хими, физик, биологи, астрономийн эх сурвалж болохыг баталсан жинтэй бүтээл нэг ч гараагүй байгаа билээ.

Номын төгсгөл хэрд эх оронч үзлийг муулсан баахан афоризм зүүжээ. Эдгээр нь бас л нөгөө муулаад байдаг Барууны сэтгэгчдийн хэлсэн үг. Тууштай, нэг л логикоор сэтгэмээр юм. Номынхоо арын хавтсан дээр үндэсний үзлийг хамгийн гол үзэл хэмээн харуулах гэж оролдсон бололтой нэг зураглал тавьжээ. Тэр нь нийгмийн бодит байгууламж болон үзэл хоёрыг хольж хутгасан, мөн ойлголтын багтаамжийн хувьд нэг нь нөгөөдөө захирах, захирагдах харьцаатай ойлголтуудыг хольж хутгасан гээд мөн л зоргоороо зохиомжилсон зураглал харагдана лээ.

Миний бие энэхүү өгүүллээ хэвлүүлэхийн өмнө нэгэн танилдаа үзүүлэхэд “Арай хурц юм биш үү, наадах чинь цаанаа яг тодорхой эзэн, улс төрийн намтай холбоотой үзэл шүү дээ” гэсэн юм. Ийм ядруу бүтээлийг ядруу гээд хэлчхэж болдоггүй, ямар гээч оюун санааны орчин Монголд бүрдчихээд байгаа юм бэ? Иймэрхүү бүтээл аль ч нийгэмд байдаг, түүнд нь харанхуй масс татагддаг нь үнэн. Гэхдээ, манайд ийм бүтээлийг өөрсдийгөө сэхээтнүүд гэж нэрлэсэн тэр хүмүүс гаргаж байна шүү дээ. Энэ ном одоо Монголоор нэг дүүрчхээд буй дураараа донгоддог мэргэн түргэн, алс ирээдүйг хардаг, үүх түүх, нууц товчоо болон чингисизмээр өвчлөгсдийн бүтээл биш, үнэхээр нэг намын үзэл суртал юм биш үү. Бүр тодорхой хэлбэл ҮШН-ын М.Энхсайханы бүтээл болох нь ТВ-9-ийн дээрх ярилцлагыг эргэн санахад тодорхой болж байна. Ээ хөөрхий, бид чинь оюун санааны ямар ядууралд орчих оо вэ?

Урьд нь ч, би нэг удаа М.Энхсайханд сүрхий сүжиг буурч билээ. Энэ хүн нэлээд хэдэн жилийн өмнө одоогийн ингэтлээ үзэн ядаад, газар доогуур ортол нь муулж буй либерал үзлээ тэнгэрт тултал магтсан Либерализм хэмээх өгүүлэл бичиж сонинд тавьсан байсан юм. Үнэхээр сайн өгүүлэл байлаа. Овоо сэхээтэн юм даа гэж бодогдсон. Гэтэл хожим нь миний бие Людвиг фон Мизесийн Либерализм бүтээлийн монгол хэвлэлийг редакторлох болов. Уншаад эхэлтэл нэг л танил, яах аргагүй уншсан зүйлс тааралдаад болдоггүй. Гэтэл мань хүн Мизесийн уг номны гол санааг а,б-гүй хуулаад дээр нь нэрээ тавьчихсан нь тэр байсан юм билээ. Ер нь яасан туушгүй, барьцгүй оюун санаа гэж ийм байдаг байна. М.Энхсайханыг Айн Рэндийн номыг барьчихсан “энэ шиг гайхалтай ном алга” гээд явж байсныг харсан хүмүүс байдаг л юм билээ. ХХ зууны 5 том либертари үзэлтний нэг, хувь хүнийг магтан дуулагч нөгөө Айн Рэнд шүү дээ. Гэтэл одоо ... Хүн өөрчлөгдөнө, өөрчлөгдөнө гэхэд ингэж өөрчлөгдөнө гэж байдаг л юм байх даа.

Дашрамд хэлэх үгс
Бид капитализмыг байгуулж байна. Капитализм өөрөө их интернациональч үзэгдэл. Нэг улс-үндэстний хүрээн дэх капитализм гэж байдаггүй. Орчин үеийн дэлхий ертөнц даяаршиж байна. Хэн нэгэн хүний хүссэн хүсээгүй энэ үйл явц үргэлжлэх болно. Ямар ч улс-үндэстэн өөр оронд оруулсан хөрөнгөө зүгээр хаячихна гэж байхгүй. Хувийн өмчийн үзэл санаа ч үүнийг зөвшөөрөхгүй. Нэг улс-үндэстний хүмүүс нөгөө үндэстнийхээ ололт амжилтаас суралцах, өөрийн оронд нутагшуулах үйл явц бүр ч хүчтэй явагдаж байна. Аль нэг үндэстний хүн гадаад хэл, шинжлэх ухааны ололт, технологийн амжилтаас суралцах маягаар нөгөө үндэстний соёлтой салшгүй холбогдож байна.

Нэг үндэстэн нөгөө үндэстний дэвшилтэт зүйлээс суралцсанаар өөрийн үндэстнийг орхичихно гэж байдаггүй. Хүн арьснаасаа мултраад явчихдаггүй юм. “Өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор!” гэсэн хараал тусчихсан аятай байх юм бол бид улам бүр хохирох гээд байна. Монголчууд бид дэлхийн тэргүүний соёл, шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй танилцаж, түүнд суралцсанаараа өөрийн үндэстнийг бусдаас дутахгүй болохыг харуулахаар үл барам өөрийнхөө үндэстэнд ашиг авчирна. Бид хөгжилтэй орнууд дахь гайхамшигт бүтээн байгуулалт, инженерчлэлийн шийдэл, мэдээллийн технологийн ололт, нана-технологи, нөү-хау-г танин мэдсэнээр хар аяндаа тэр үндэстнийг хүндлэх сэтгэл төрнө. “Үүнийг бүтээх гэж энэ хүмүүс хэр их хөдөлмөрлөсөн, энэ гайхамшигт байгууламжийг яаж босгосон, энэ бүтээгдэхүүнийг хэрхэн хийсэн бол” гэсэн танин мэдэхүйн хүсэл шохоорхол уг үндэстэнд хүндэтгэлтэй хандахад хүргэдэг. Орчин үеийн нийгмийн энэ бүх ололт дэвшил тэнгэр бурханд мөргөөд, дэлхийн талыг байлдан дагуулсан гэсэн магтаалаар бий болоогүй. Бид бусад улс-үндэстэнтэй нээлттэй харилцаж, өөрийн үндэстний дутагдалтай талыг хайр найргүй шүүмжилж байж л хөгжинө. Өнгөрсөн түүхээ хоосон магтсанаар хөгжсөн улс-орон байдаггүй. Энэ утгаараа манай “үндэсний үзэлтнүүд” өөрсдөө улс-үндэстнийхээ дайсан болж байна.

Ойлгомжтой шүү дээ, хүн гэдэг чинь амьдарч буй орчноо үргэлж сайжруулж, илүү тохитой орчинд амьдрахыг хүсдэг. Үүнийг буруутгах аргагүй. Ийм тохилог ахуй болон улс төрийн орчинг Баруунд бүтээгээд байна. Тэд, бидэнгүй амьдарч чадна, үүнийгээ ч бодит байдал дээр харуулсан. Харин бид Барууны соёл иргэншлийн ололтгүй амьдарч чадах уу, чадах л байх. Гэхдээ тэднээс хамаагүй хоцрох гээд байна. Бидний хэрэглэдэг, хүсдэг, татагддаг бүх зүйл – гар утас, телевиз, машин, онгоц гээд бүгд Барууны соёл иргэншлийн ололт.

Бодит байдал ийм байхад бид өөрсдийгөө магтаж биш шүүмжилж өөдлөнө. Барууныг муулагсад өөрийн үр хүүхэд, хамаатан садан гээд бүх хүнээ Баруунд л очуулж, тэнд амьдруулахыг хүсдэг биз дээ. Энэ нь ч буруу биш. Гол нь өөрийнхөө, амьдрал дээр хүсдэг зүйлээ аман дээрээ бүү муулаач гэмээр байна. Ийм ядруу үндэсний үзлийг ном уншихаа больчихсон, амархнаар нь үндэсний үзэл, эзэн хаад, бөө мөргөл гэсэн юм ярьж явдаг хүмүүс л бичиж ярина. Жинхэнэ улс төрчийн популизм!!!

Үндэсний үзэл дээрээ тулгуурлаж хөгжсөн үндэстний тухай ярих болохоороо хүмүүс юуны түрүүнд Японыг жишээ татдаг. Үнэндээ, Япон нь түүхэндээ хоёр том үсрэлт хийсэн бөгөөд хоёулаа гадагшаа хандсан үед энэ дэвшил гарсан юм. Нэг нь, Мэйжигийн эрин үед Европын соёлыг нутагтаа авчирсан, нөгөө нь дэлхийн II дайны дараа Америкийн хөгжил дэвшлийг “хуулснаар” үсрэнгүй хөгжил гарсан билээ. Харин дээрх номонд тааралдсан ганц үнэн өгүүлбэр бол “Үндэсний үзэл дээр тулгуурлаж сайныг ч бүтээж болно, мөн саарыг ч бүтээж болно” гэсэн өгүүлбэр байлаа. Тийм ээ, Германы фашизм бол үнэндээ үндэсний үзэл дээр тулгуурласан үзэгдэл. Тиймээс ч нацизм гэж нэрлэгддэг.

М.Энхсайхан үндэсний үзэлтэй юм бол түүнийгээ тууштай баримталж, амьдрал дээр ч гэсэн харуулах хэрэгтэй. Дуучин Жавхлан шиг дээлээ өмсөөд, гэрт амьдрахад болохгүй юу байх вэ дээ. Дээл, гэр гэх мэт зүйлс нь яах аргагүй монгол соёлын томоохон ололт мөн. Гар утас, компьютер, телевиз, машин, онгоц, тэнгэр баганадсан байшин, далай дамнасан гүүр энэ бүгдийг чөтгөр шулам аваасай. Бүгд л харийнхан буюу муусайн Барууныхны хийсэн юм! Тэгээд Чингис хааны академийнхан, үндэсний үзлээрээ үргэлж бахархаж байдаг урлагийн сэхээтнүүд, нөгөө охид хүүхнүүдийн үсийг хусдаг залуус, мэргэн түргэн, тэнгэртэй харьцдаг элдэв авгайчуулыг туган доороо нэгтгээд Монголыг байлдан дагуулах хэрэгтэй.

Тухайн нэвтрүүлэгт оролцож байхад М.Энхсайханы амнаас сонссон, мөн энэ номонд тааралдсан хамгийн муухай үгс бол либертари үзлийг адласан үгнүүд юм. Тэвчье гэсэн ч тэвчих аргагүй. Улс төр, бизнесийнхэнтэй огт холбоогүй жирийн иргэн миний хувьд хамгийн дээдэлж явдаг үзэл бол энэ. Бакалавр оюутны курсын ажлаас томгүй энэ номыг сөхөөд үзэхэд либертари үзэлтэй бүр нэг үзэх санаа байна гээч. “Үндэсний үзэл бол төрөө хайрлах үзэл, эх оронч үзэл бол төрөлх нутгаа хайрлах үзэл” гэснээс харахад ч гэсэн зохиогч үнэхээр стэйтист үзэлтэн аж. Либертари үзэл уруу бүр нэг дайрах санаатай.

М.Энхсайхан либертари үзлийг өөрийнхөө улс төрийн өнцгөөс хараад байна, эсвэл зориуд мушгин гуйвуулж байна. Монгол хэл дээр үндэсний үзлийн талаар гарсан ямар томоохон бүтээл байдаг юм бол гээд сурвалжлахад олигтой ном олддоггүй юм билээ. Гитлерийн Миний тэмцэл-ийг л хэлдэггүй юм бол. Тэгвэл либертари үзлийн талаарх утга зохиолыг үзэх юм бол багахан хэмжээний номын сан болчхоор номыг бид англи хэлнээс зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй орчуулжээ.

Либертари үзэлтэй дэлхий даяар тэмцэж байна гэж үү! Либертари үзлийн талаар яаж ийм юм ярьж зүрхэлдэг байна аа. Энэ нөхөр монгол хэл дээрх либертари номнуудыг ер нь уншсан болов уу! Бараг л уншаагүй юм шиг санагдсан. Уншсан бол жинхэнэ утгыг нь ойлгосон болов уу! Тэр либертари номнууд дотор хоёр Нобелийн шагналтны ном байгаа шүү дээ. Бусад номнууд нь ч гэсэн маш ойлгомжтой, логиктой бичигдсэн. Либертари үзэлтнүүдийг АН-ын үзэл сурталчид мэтээр бичсэн байна лээ? Ёстой муухай доромжлол! Бид улс төрчидтэй ойртох тун дургүй, гэхдээ манай үзлийг улс төрдөө ашигладаг хүмүүс аль ч нам, тэр тусмаа АН-д их байдаг. Тэдний төлөө бид хариуцлага хүлээхгүй. Биднийг хувийн өмчтөн, том эздийн гар хөл гэж хэлэх гээд байх шиг? Бас л доромжилж байна. Бид хувийн өмчийг дээд зэргээр хамгаалж, үүнийг хүний эрх чөлөөний бодит илэрхийлэл гэж үздэг. Энэ утгаар нь либертари үзлийг өөрийн хөрөнгөө хамгаалах хэрэгсэл хэмээгээд либертари үзэлд өөр ямар нэг утга байдаггүй мэтээр үздэг бизнесмэнүүд байдаг. Тэднийг ч бас жинхэнэ либертари үзэлтэн гэж хэлж болохгүй. Хувийн өмч бүх хүнд байдаг. Хамгийн үгээгүй хүнд ч гэсэн өөрийн гэсэн оюун ухаан, бие бялдрын чадвар, авьяас гээд ашиглаж болох зүйлс байдаг. Эдгээрээ хувьдаа ашиглах эрх чөлөө байх ёстой.

Либертари үзэлд Ху намынхан дургүй байдаг юм. Шалтгаан нь ойлгомжтой, тэд зүүнтнүүд. Нийгмийн төлөө хувь хүнийг золиослогчид. АН-ынхан ч бас дургүй байдаг. Учир нь, тэд “биднийг засгийн эрх барьж байгаа цагт нийгэм сайн сайхан болно” гэж үздэг. АН-ын улс төрчдөд юмс үзэгдлийг “зөнд нь орхиод” хөндлөнгөөс оролцохгүй байвал юмс аяндаа маш сайн эмх цэгцэндээ ордог (spontaneous order) гэсэн ойлголт байдаггүй. Гэтэл ҮШН-ынхан гээд бас нэг “дайсан” гараад ирдэг байна. Аргагүй шүү дээ, либертари үзэл нь аль ч намынх  хамаагүй, улс төрчдөд халтай үзэл юм чинь. Ф.Бастиагийн хэлснээр, улс төрчид “бид л байхгүй бол энэ жирийн хүмүүс гэдэг чинь өмдөө ч товчилчхож чадахгүй, байцайгаа хэрхэн дарахаа мэддэггүй хүмүүс” гэж боддог. Улс төрчид бүгдээрээ л би л төрийн эрхэнд очвол улс-орон хөгжинө, жирийн хүмүүс миний төлөө санал өгөх тавилантай гэж боддог. Үүнийг нь эсэргүүцдэг учраас либертари үзлийг дарангуйлагч сэтгэлгээ хүмүүжилтэй, бие тоосон, бусдыг эс хүндэтгэдэг тийм л хүмүүс үзэн ядна.

Либертари үзлийн жинхэнэ мөн чанар нь шударга хөдөлмөрөөрөө амьдардаг, төсвийн мөнгөнөөс асар их хөрөнгийг хувьдаа зарцуулдаггүй жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж байдаг. Хүмүүс либерал үзэл, либертари үзэл хоёр яг ижил биш гэдгийг ойлгохгүй байна. Либерал үзэл нь улс төрд ойр байдаг бол либертари үзэл улс төрөөс аль болох хол байхыг хичээдэг. Тийм ч учраас тууштай либертари үзэлтэн улс төрийн албан тушаалыг огт сонирхдоггүй юм.

Либертари үзлийн амин сүнс бол хувь хүн. Үндэсний үзэлтнүүд хувь хүн, түүний эрх, эрх чөлөөг үзэн ядчихаад үндэстнийг дээдэлнэ хэмээн хэрхэн ярьж чаддаг байна. Ёстой л нөгөө социализмын үе шиг “чи яах вэ, гол нь нийгэм, улс-орон” гэдэг шиг. Үндэстнийг хувь хүмүүс бүрдүүлдэг. Бүх иргэн хувь хүн, Энхсайхан ч хувь хүн, би ч хувь хүн, бидний дэргэд буй бүх хүн хувь хүн. Бид өөрсдийгөө, бие биенээ дээдлэхгүй бол нөгөө коллективист нийгэм болно. Бид ийм нийгмийг үзээгүй гэж үү! Коммунист коллективизмын харгис мөн чанарыг ханатлаа үзсэн биз дээ. Түүхэн дэх хамгийн коллективист нийгэм бол Германы үндэсний социалистуудын байгуулсан фашист нийгэм, Зөвлөлтийн ангич үзэлтнүүдийн байгуулсан коммунист нийгэм байлаа. Түүхэнд байсан хамгийн харгис нийгмүүд. Дахин хэлэхэд, либертари үзлийг АН-ын үзэл суртал гэж андуураад байна. Либертари үзэл бол жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг болохоос улс төрийн аль нэг хүчинд үйлчилдэггүй.

Либертари үзэлд үндэсний үзлийг зориуд тусгайлан авч үзсэн нэгэн сэдэвт зохиол байдаггүй. Гэхдээ Мизесийн Либерализм зохиолд (М.Энхсайханы нөгөө хуулаад нэрээ тавьчихдаг бүтээл) хэрэв үндэсний үзлийн талаар асуулт гарах юм бол “бид өөрийгөө космополитэнүүд” гэж хариулах болно гэсэн байдаг (космо-политэн гэдэг нь хүн аль нэг улс-үндэстний хүрээнд хязгаарлагдах ёсгүй, дэлхийн олон улс-үндэстэн хоорондоо чөлөөтэй харилцах ёстой, бүх улс-үндэстэн адилхан, хүн бол дэлхийн иргэн гэсэн утгатай үзэл). Тийм ээ, либертари үзэлтнүүд бид космополитэнүүд, монголчууд бид ийм байж л дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадна.


Friday, February 18, 2011

Тун удахгүй

Таван толгойн хувьцааг зохиомлоор өсгөж 1,400,000 төгрөгт хүргэсэн байна. Үүний дараа АН-аас өгсөн мэдээллээр Монгол улсын иргэнд 550 ширхэг хувьцаа өгнө, энэ доод тал нь 300,000,000 төгрөгийн хувьцаа ноогдоно гэж Баянголын Эрдэнэ ярьж байх юм. Гэтэл Хүннү коал, Энэржи ресурсын хувьцаа олон улсын хөрөнгийн биржүүд дээр ойролцоогоор 1,5 ам доллараар зарагдаж байна.  Энэ бол Монгол улсын иргэдийг тэр тусмаа залуучууд биднийг илт дормжилсон хэрэг. Энэ талаар удахгүй санал бодлоо хүргэнээ. Түр баяртай

Thursday, February 17, 2011

Ногоон-Либерал үзэл



“Хувь хүний эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдаад зогсохгүй
Байгаль дэлхийн оршин байх эрхээр хязгаарлагдана.”
            Хувь хүний эрх чөлөөг дээдэлж, бүх хүн өөрийн бүтээлч чадвараа нээн хэрэгжүүлэх эрхийг хүлээн зөвшөөрөхийн хамт хувь хүн өөрийнхөө төлөө хийгээд нийгмийн өмнө хариуцлага хүлээх учиртай гэдэг нь либерал үзлийн суурь зарчим юм. Харин нийгмийн хөгжлийн явцад хүн байгалиас бэлэнчлэн авч ашиглах сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх нь ногоон үзэл баримтлалын гол зорилго билээ. Өнөөдөр монголын улс төрийн амьдралд тохиолдож буй гэрэл гэгээтэй нэгэн үзэгдлийн нэг бол Монголын Ногоон Нам болон Иргэний Зориг Намуудын нэгдэл юм. Нийгэмд шудрага, зарчимч гэдгээрээ танигдсан 2 лидерээсээ гадна, тууштай үзэл баримтлал, нээлттэй байдал, элдэв хуйвалдаанаас ангид байсан зэрэг энэ 2 намд олон ижил төстэй эерэг чанарууд байгаа билээ. Өнөөдөр Монголын улс төрийн намуудын гаргаж тавьдаггүй олон асуудалд энэ 2 нам өөрсдийн байр сууриа илэрхийлж, ажил хэрэг болгож иржээ. Үүний тодорхой нэг жишээ бол ИЗН дарга Санжаасүрэнгийн Оюуны санаачилж УИХ-д 9 удаа өргөн барьсаны эцэст батлуулсан Авилгалын эсрэг хууль юм. Мөн Иргэний нийгмийг төлөвшүүлэхэд олон жилийн хүч хөдөлмөр, ур ухаанаа зарцуулж ирсэн МНН дарга Энхбатыг бид ФОРУМ нэвтрүүлгээр нь сайн мэдэх билээ.
             Өнгөрсөн 20 жилийн түүхээс харахад 3 дахь улс төрийн намаар бүртгэгдэн байгуулагдаж байсан МНН нь 2008 оныг хүртэл парламентад суудалгүй, хавчигдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж иржээ. Хоёр намын тогтолцоог бэхжүүлэхийн төлөө явж ирсэн АН, Хувьсгалт нам 2 сонгуулийн хуулиар дамжуулж бусад намуудын үйл ажиллагааг хаан боогдуулж ирсэн нь МНН хувьд Экологи байгаль орчны асуудлаас цааш оролцох боломжийг олгоогүй юм. Харин 2008 онд сонгогдсон МНН дарга Энхбат ногоон бүлэг үүсгэн байгуулж Ногоон үзэл баримтлалыг парламентийн танхимд амилуулсан билээ. Хууль тогтоох засаглалын нэг гишүүн болсоноор МНН-ын үйл ажиллагаа илүү өргөн хүрээг хамарч нийгмийн бүхий л салбарт УИХ-ын гишүүнээрээ дамжуулан оролцох боломж нээгдсэн билээ.
 Үзэл баримтлалаа огоорон “ард түмэндээ” “хувь хишиг хүртээх” нэрийн дор хууль бус эвслийн Засгийн Газар байгуулах хүртлээ орооцолдон хуйвалдаж буй энэ парламентад ганц ганцхан суудалтай МНН, ИЗН-ын хувьд парламентад бие биенээ дэмжсэн хамтын түншлэл үнэхээр хангалтгүй, хүчгүйдэж байгаа билээ. Хэрэв энэ 2 нам нэгдвэл ирэх сонгуульд бүлэг байгуулах хэмжээний санал авч чадахаар байна. Үүнээс ч эрх баригчид үнэхээр айж байгаа. Хэрвээ хэн нэгэн улс төрч та бидний тухай ярихдаа “ард түмэн” гэж ярьж бол  тэр улс төрчид  иргэн хүний эрх хамаагүй байдаг, “хишиг хүртээнэ”гэж ярьж байвал түүнд орчин үеийн Ардчилсан төрт нийгмийн тухай ямар ч ойлголт алга, “үзэл баримтлал хамаагүй” гэж байгаа бол энэ бол хуйвалдаан, өөр юу ч биш... 20 жил хуйвалдсан энэ хуйвалдаан хүссэн хүсээгүй дараагийн үедээ халдварлаж байна.
              Амлалтанд барьцаалагдсан эдийн засгийн бодлого явуулж буй МАНАН-тай засгийн газар, УИХ нь зууны мянганы бүтээн байгуулалт нэрээр социализм амлах нь холгүй байна. Зууны, Мянганы Бүтээн байгуулалт өрнөж байгаа газар Зууны, Мянганы Хяналт байх хэрэгтэй!!! Өнөөдөр  хийгээд Өчигдрийн Уржигдрын бүр тэрний урьдны УИХ, Засгийн газрууд нь огт хяналтгүй явж ирсэн гэдгийг өнөөгийн Монголын сүйрсэн экологи байгаль орчин харуулна. Ямар ч хяналтгүй, хариуцлага хүлээдэггүй хотын удирдлага байсныг та бидний амьсгалж буй агаар гэрчлэнэ. Бүх зүйл наймаан дээр тогтож байна. “Одоо танайх хаз-одоо манайх хазья”. Ингэж л 20 жил Монголыг хувааж идсээр одоо газар дээрхээ идэж дуусгаад гадныхнаар газраа ухуулж байгаад нүүрс идэж эхэлж байна. Тэдэнд одоо уул уурхайгаас өөр юу ч чухал биш.  Ийм эмх замбараагүй, хяналтгүй, уул уурхайд түшиглэсэн бодлогоос болж байгаль орчин хамгийн ихээр сүйрэх аюул нүүрлээд байна. Бид хойч үедээ уух ус ч үлдээхгүй байх тийм эгзэгтэй үедээ ирчихээд байна.
Бид ер нь хойч үедээ ямар нийгмийг үлдээж байна вэ? Бидний амьдарч буй энэ нийгэмд архидалт, авилгал, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, гэмт хэрэг, байгаль орчны сүйрэл, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, хүний эрхийг уландаа гишгэх, хуулийн хамгаалалтгүй хувийн өмч, бизнес дэх төрийн бохир оролцоо, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, нам төвтэй төр, төр төвтэй шарын шашин, нийгмийн сэтгэхүйн доройтол, агаарын бохирдол байж болох хамаг муу муухай бүхэн цогцоороо байна.
Хуучин нийгмийн үед төлөвшсөн сэтгэлгээтэй нэгэн үе дуусахад аяндаа нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөж, Ардчилал бэхжиж, Сайн цаг ирнэ гэж итгэж хүлээдэг байлаа. Гэтэл тэрнээс дор сэтгэлгээтэй дараагийн үе бэлтгэгдэн гарч ирж байна. “ Хүмүүс юуны тулд төрийг бий болгосон юм бэ?” гэж залуу үесээ асуувал  олонхи нь Төрөөр дамжиж хүн эд хөрөнгө цуглуулж сайхан амьдардаг гэж хариулах вий. Төр нь юуны өмнө иргэдийн амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, ард түмэнд үйлчлэх үүрэгтэй юм. Төр нь нийгмийн зүгээс түүнд хүлээлгэсэн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага эрхтэй байх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр юу ч биш юм. Төр үүнээс илүү эрх мэдлийг шаардаж өөртөө илүү үүргийг тохоож байгаа бол та бидний төлсөн татварын мөнгө, та бидний салшгүй өмч болох газар нутаг, байгалийн баялгийг идэж шамшигдуулж байна гэсэн үг юм. Төр нь анх үүссэн цагаасаа хойш  төрийн нэрээр бусдын хөдөлмөр, эд хөрөнгийг завших гэсэн луйварчдаас салж чадалгүй өнөөг хүрсэн бөгөөд тэд төрд хутгалдах тусмаа илүү их эрх мэдэл, илүү их үүргийг хүсэмжилж байдаг юм. Өнөө маргаашийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн төрд буй луйварчдаас улс орны ирээдүй хойчийг харсан ямар ч бодлого шийдвэр хүлээх хэрэггүй юм. Луйварчдын энэ увайгүй үйлдэлд хамгийн их хохирлыг хойч үе ирээдүй нь амсдаг юм. Бүх цаг үеийн туршид либералууд төрийн илүүдсэн эрх мэдэл, үүргийг хязгаарлах, төрд буй луйварчдыг хазаарлахын төлөө тэмцэж ирсэн юм. Ногоон үзэл баримтлал үүссэн  цагаасаа нийгэм эдийн засгийн хөгжлийн хөлд үрэгдэж буй байгаль экологийг хамгаалахаар тэмцэж ирсэн билээ. Ногоон-Либерал үзэл баримтлал бол хамгийн хүчтэй сөрөг хүчин, цаашлаад улс орноо, нийгэм эдийн засгаа, байгаль экологоо, иргэн хүнээ хамгийн тэнцвэртэй авч явах хамгийн оновчтой Төрийн Бодлого байх юм.
 Залуу үеээ, Монгол Улсын ирээдүйг зөнд нь орхиж хэрхэвч болохгүй бөгөөд бидний хойч үедээ үлдээх хамгийн үнэт баялаг бол байгаль дэлхийгээ шүтсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэний нийгэмд суурилсан ардчилсан ногоон-либерал  үзэл юм.  

Tuesday, February 15, 2011

Афоризм

Зууны, Мянганы Бүтээн байгуулалт өрнөж байгаа газар Зууны мянганы луйвар заавал явагддаг бөгөөд тэнд Зууны, Мянганы Хяналт зайлшгүй байх хэрэгтэй!!!

МАНАН


Орчин цагийн үндсэн хуульт Бүгд найрамдах засаглалын хэлбэр нь либерал үзэл баримтлал дээр үндэслэдэг юм.  Либерализмыг үндэслэгчдийн нэг Английн гүн ухаантан Жон Локк  “Хүн бүр төрсөн цагаасаа л жам ёсны салшгүй эрхтэй. Хамгийн чухал нь амьд явах эрх, эрх чөлөөтэй байх, өмч хөрөнгө эзэмших эрх юм” гээд, хүн бүр тэгш эрхтэй учир “Хувь хүний эрх чөлөө гагцхүү бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана” гэсэн сонгодог ойлголтыг тэрээр томъёолсон байна. Тэрээр хувийн өмчийн тухайд “ Хувийн өмч хуримтлуулах явдал нь хувь хүн гадны даралт шахалтаас чөлөөтэй байж өөрийгөө хөгжүүлэх боломжийг олж авна, хувийн өмч нь эцсийн зорилго бус, харин эрх чөлөөг олж авах хэрэгсэл юм” хэмээжээ.
Нийгэм, төр үүсэхээс бүр өмнө хувийн өмч оршин байсан бөгөөд хүмүүс жам ёсны байдлаасаа татгалзаж төрийн засаглал бүхий нийгмийг бий болгон нэгдэн орох хамгийн чухал шалтгаан бол хувийн өмчийг хамгаалахад оршино. Төр нь юуны өмнө иргэдийн амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, ард түмэнд үйлчлэх үүрэгтэй юм. Төр нь нийгмийн зүгээс түүнд хүлээлгэсэн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага эрхтэй байх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр юу ч биш юм. Төр үүнээс илүү эрх мэдлийг шаардаж өөртөө илүү үүргийг тохоож байгаа бол та бидний төлсөн татварын мөнгө, та бидний салшгүй өмч болох газар нутаг, байгалийн баялгийг идэж шамшигдуулж байна гэсэн үг юм. Төр нь анх үүссэн цагаасаа хойш  төрийн нэрээр бусдын хөдөлмөр, эд хөрөнгийг завших гэсэн луйварчдаас салж чадалгүй өнөөг хүрсэн бөгөөд тэд төрд хутгалдах тусмаа илүү их эрх мэдэл, илүү их үүргийг хүсэмжилж байдаг юм. Өнөө маргаашийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн төрд буй луйварчдаас улс орны ирээдүй хойчийг харсан ямар ч бодлого шийдвэр хүлээх хэрэггүй юм. Луйварчдын энэ увайгүй үйлдэлд хамгийн их хохирлыг хойч үе ирээдүй нь амсдаг юм. Бүх цаг үеийн туршид либералууд төрийн илүүдсэн эрх мэдэл, үүргийг хязгаарлахын төлөө тэмцэж ирсэн нь төрд буй луйварчдыг хазаарлаж дарангуйлал тогтоохоос сэргийлсэн тэмцэл байсан юм. Эдгээр төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо зориулан хэтрүүлэн ашиглах сонирхол бүхий бүлэг нь ерөнхий шинж чанараараа 2 ялгарна.
Нэг хэсэг нь төсөвт цугларсан татвар төлөгчдийн мөнгийг Төрийн өөрийн хүлээсэн үүргээс илүү ихийг олон нийтэд амлах замаар Төрийн эрх мэдлийг гартаа авах гэж тэмүүлэх ба авсан тохиолдолд хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй амлалтуудаа (үнэгүй эмнэлэг сургуулиас авхуулаад бэлэн мөнгө тараах г.м.) хэрэгжүүлэхийн тулд илүү их эрх мэдлийг төвлөрүүлдэг байна. Энэ нь зах зээлийн жам ёсны хөгжилд саад тотгор учруулж, Төрийн нэрээр оролцсон  бизнесийн салбар зөвхөн ганц нэг аж ахуйн нэгжээр зогсохгүй бүр салбараараа уналтанд орж дампуурч дуусдаг нь хамгийн эмгэнэлтэй. Эхний энэ бүлэг хүмүүсийг Зүүний үзэл баримтлалтай гэх ба товч бөгөөд тодорхой “хувь хүний материаллаг сонирхол дээр дөрөөлсөн АМЛАГЧИД” гэж нэрлэж болох юм. 90-ээд онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын дүнд Монголд дангаар ноёрхож байсан МАХН-ын үйл ажиллагааг зогсоож олон намын системд шилжсэн боловч, хуучин коммунист намын суурин дээр социал демократ үзэл баримтлал ярьсан хоосон амлагчид гарч ирснийг бид бүгд мэдэх билээ. Зүүний үзэл баримтлалын туйлширсан хэлбэр нь коммунистууд бөгөөд тэд нийгмийн тогтоон баридаг байсан ганц том АМЛАЛТ нь социализм байгуулах юм. Социализм гэдэг нь  бүх зүйл үнэгүй, бүр дэлгүүрийн бараа  машин тэрэг хүртэл үнэгүй, гэхдээ тэнд ХҮНИЙ ЭРХ гэж байхгүй. Үүнийг мэдэж байгаа нэгэн байвч ийм тэнэг зүйлийг амьдралдаа сонсож байгаагүй ч гэсэн МАХН, МАН-ын гишүүн болчихоод явж байгаа 20-иодхон настай залуустаа зориулж тайлбарлалаа. В.И.Ленин нэгэнтээ “Пролетарийн ардчилал бол бусад үзэл баримтлалаас илүү ардчилсан үзэл бөгөөд Зөвлөлт засаг бол дэлхийн Бүгд найрамдах засаглалтай орнуудаас хэдэн сая дахин илүү ардчилсан улс юм” гэж хэлж байжээ. Одоо энэ ХУ намыхны яриад байдаг нийгмийн ардчилал чинь Лениний ардчилал юм шүү дээ! Коммунистууд социализм байгуулахыг нь эсэргүүцвэл “Сайхан амьдар эсвэл үх” гэсэн ганцхан зарчимтай байсан бөгөөд  мэдээж эсэргүүцсэн олон сая хүнийг 70 жилийн турш алж хядсан билээ. Тэгэхээр зүүний үзэл баримтлал нь хүний эрх чөлөөтэй хэзээ ч хамт байдаггүй бөгөөд сонгуульд зүүний нам ялсан тэр өдрөөс эхлэн таны эрх зөрчигдөж эхлэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Итгэхгүй бол нотолж өгч болно.
             Нөгөө бүлэг луйварчид нь барууны үзэл баримтлалтай хэмээн ялгарах бөгөөд анх үүсэхдээ л хувь хүний эрх чөлөө, тэгш эрхийн зарчим, парламентат ёс зэргийг хүлээн зөвшөөрдөөгүй байсан нь одоо ч баруунтнуудаас үнэртдэг. Эднийг Консервативчууд гэж нэрлэнэ. Консервативчууд нь бүхий л цаг хугацааны турш дотроо үзэл баримтлалын зөрчилдөөнтэй явж ирсэн юм. Тэд цөөнхийн (хөрөнгөтний эсвэл сэхээтний) дангаар захирах ёсыг талархагчид мөртлөө эрх чөлөөт байдлыг эрхэмлэх гэх мэт зөрчил түгээмэл байсаар өнөөг хүржээ. Баруунтнуудын туйлширсан хувилбар нь фашист, нацист, үндсэрхэг үзэлтнүүд, тоталитари дэглэм тогтоогчид бөгөөд ерөнхийд нь дүгнэж хэлбэл Засгийн эрхийг авсан тохиолдолд хүч хэрэглэн хадгалж үлдэх гэсэн эрмэлзлэл бүхий бүлэг гэж тодорхойлж болно. Консервативчууд бол хувь хүний болоод нийгмийн эерэг өөрчлөлтийн боломжид үл итгэгчид, гутранги үзэлтнүүд юм. Түүгээр ч үл барам нийгмийг зохион байгуулалтыг тэгш бус зарчимд үндэслэж нийгмийн халамжийн бодлогыг эсэргүүцэж, баян эсвэл ядуу амьдрах жам ёсны эрх нь хүнд өөрт бий гэсэн зарчимаар нийгмийн эмзэг давхрагыг зөнд нь орхих бодлого явуулдаг байна.
Барууны болоод Зүүний үзэл баримтлалууд нь Төрийн эрх мэдлээр далимдуулж луйвар хийх өөр өөрийн өвөрмөц аргуудтай. Эдгээр луйврын арга хэрэгслүүдийг өнөөдөр эрх баригч МАНАН гайхамшигтай хослуулан ашиглаж Та биднийг байж болох хамгийн муухай нийгэмд амьдруулж байна. Бидний амьдарч буй нийгэмд энэ дэлхийн улс орнуудад ганц нэгээрээ байдаг  архидалт, авилгал, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, гэмт хэрэг, байгаль орчны сүйрэл, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, хүний эрхийг уландаа гишгэх, хуулийн хамгаалалтгүй хувийн өмч, бизнес дэх төрийн бохир оролцоо, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, нам төвтэй төр, төр төвтэй шарын шашин, нийгмийн сэтгэхүйн доройтол, агаарын бохирдол гээд байж болох хамаг муу муухай бүхэн цогцоороо байна. 
үргэлжлэл бий...

таалагдсан нийтлэл...

Монголын Чөлөөт Либерал Залуучуудын Холбооны Facebook-ээр зочилж post-уудыг нь уншлаа. Энэ нийтлэл миний бодож явдаг зүйлтэй их нийцсэн учир илүү олон хүнд хүргэх юмсан гэсэндээ copy&paste хийчихлээ. Би нэгэн бичлэгтээ “ард түмэн” гэж ярьдаг бол  тэр улс төрчид  иргэн хүний эрх хамаагүй байдаг, “хишиг хүртээнэ”гэж ярьж байвал түүнд орчин үеийн нийгмийн тухай ямар ч ойлголт алга, “үзэл баримтлал хамаагүй” гэж байгаа бол энэ бол хуйвалдаан, өөр юу ч биш...гэж бичиж байлаа....
Монголын Чөлөөт Либерал Залуучуудын Холбооны Тэргүүн Бат-Эрдэнийн Золбоогийн бичсэн " Ард түмэн ИРГЭД хоёрын завсар асар их ялгаа бий" гэсэн бичлэгийг сонирхуулж байна:


         Хэлээ хазаж, бохь зажилсан нэг бүсгүй, нүүрнийхээ гурав хуваасны нэгийг том хар шилээр далдалсан омголон залуугийн хамт зурагтаар гарч байна. “Миний /уг нь хоёулаа байж бидний л гэмээр юм/ үнэнч фэнүүд, АРД ТҮМЭНДЭЭ зориулаад чанартай, ухаарал бэлэглэсэн, кайфтай клипээ хүргэж байна” гэж хэлснээр алдарт уран бүтээл нь гарсан юм. Аяыг нь л лав их сонссон гадны нэг дууных болов уу гэж бодсон. Үг бол ойлгомжтой мэдээж хайртай, чамайгаа саналаа, алж өгнө, хайрандаа шатна, хүлээгээрэй гэх мэтийн жижүүрийн хэдэн үгтэй гол төлөв аль нэгэн зохиолчийн нэгэнт туурвисан бүтээлээс ишлэл болгоод авчихсан мөртүүд. Урлаг судалдаг “мундаг”-ууд аль хэзээ тэтгэвэртээ гарсан болохоор ч тэр юм уу эсвэл телевизийн элдэв шоуг шүүгээд завгүй ч байдаг юм уу мэдэхгүй түүхий уран бүтээл түүхий фэнүүдэд нь ч бас таалагддаг болчихсон байх. Үнэндээ фэнүүд гээд нэрлээд байгаа нөхөд нь хүүхэд залуус болов уу. Харин тэр ард түмэн гэдгийг огтоос ойлгохгүй л байгаа юм даа.

Одоо бараг нэрийг нь хэлэх, бичихээс залхтал нь ярьсан хэдэн газар, ордын нэрс бий. “Толгой” гэхэд л хэн ч ойлгочихно. Энэ их баялгийг яаж ашиглаад, хэрхэн хувааж идэх, зүй зохиостой зарцуулах тал дээр албан ёсны болон албан бус “гуншинтай”, “сэтэртэй” болгон яриад, хэлэлцээд, муудалцаад, талцаад явж өгч байгаа. Ард түмний минь юм, ард түмэндээ л өгнө, ард түмэн маань харж байгаа гэдэг үгийг бүгд л хэлдэг болчихож. Эх нутаг, иргэд олон нийтийнхээ төлөө бол тэс ондоо сэдэв. Энд түүнийг дурсаж, их л бусдын төлөө үсээ цайтал зүдэрч яваа хуурамч толин тусгалын төрхийг гаргахыг хүсэхгүй байна. Гагц тэр ард түмэн гэж юу яриад байгааг бас ойлгохгүй байгаа юм даа.

“Народ” гэж орос үг бий. Үүнийг АРД хэмээн орчуулж монгол оронд нутагшуулсан. Социалист “сэсээр” улстай хаяаа нийлснийх эзэн нохойд нэр хайрладгийн адилаар “ах нар” ч нэрийг сайн өгсөн. Ардын нам, ардын засаг, ардын хүү, ард түмэн. Бүх зүйл ардынх байх ёстой бөгөөд хэн нэгэн илүү хөлжвөл түүнийг нь хурааж аваад өөрийг нь АРД ТҮМНИЙ эсрэг гээд барьж хориод ХОЙШ нь явуулна. Эсвэл энд нь буудан хорооно. Үүнийг ч бас АХ НАР зааж өгсөн. Ард түмэн гэж хэн байв? Ууланд уранхай дээлээ намируулсаар аргал түүх сэгсгэр хөгшин, айлаас айлд зарцлагдаж хоолоо олдог хөмөрсөн тогоон доторх хуучин хүү, дайнд явсан хүүгээ хүлээж дийлэлгүй бурхан болсон эцэг, архины мухлаг хэссээр “нийгмийн шаар” болсон нисгэгч залуу, үйлдвэр дотор зогсолтгүй ажиллах ажилчин. Бүх хүний өмнөөс, АРД ТҮМНИЙ өмнөөс бүгдийг шийддэг хэмжээгүй эрхт ТӨВ ХОРОО, ДАРАНГУЙЛАГЧ ТӨР.

Мэсний шарх арилдаг бол сэтгэлийн шарх арилдаггүй. Монгол улсын хэмжээнд хилсээр хэлмэгдэж цаазлуулсан хамаатан садан, өвөг эцэггүй нэг ширхэг ч гэр бүл байхгүй бөгөөд он цагийн түүхэн нухчаанд юу ч мартагдаагүй, сэтгэлд суусан тэр сэв, шарх одоо ч хөндүүртэй л байгаа. Ганц хилс хэргээр шархалсангүй, эрх чөлөө, хүний эрхийг үл тоосон, хүчирхийлэгчдийн гарт шархалсан юм. Хэн ч мартахгүй, мартах ч ёсгүй. Гэтэл ардчилсан үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг хуульчилсан тэр цагаас гайхалтай их амжилтыг ардаа дагуулсан хирнээ он цаг улирах тусам улам ч боловсронгуй болсон дарангуйлагч үзэлд автаж эхлэж байх шиг. Ард түмэн бол цагаан цаас гэхчилэн дээрэнгүй үзэл гарган нийтээр дагаж мөрдөх хуулийг хэн нэгэн МӨЛЖИГЧ сэтгэн гаргаж байх жишээтэй. Үг үсгийн алдааг нь бас нэг монгол хэлээр бүтэн ч ярьчихаж чаддагүй ярвагар гэртээ, орон дотроо засаж байгаад баригдсан ч удаатай. Хүний төрөлхөөс заяасан эрхүүдийг уландаа гишгэж, гуйлгачинд шавхрууг нь шидэх маягтай доог тохуу хийх нь ч жирийн үзэгдэл болов. Монгол улсад иргэн гэж байхгүй. Иргэний үнэмлэхээ удахгүй солих гэж байгаа гэсэн. Түүн дээр нь АРД ТҮМЭН гэж бичих талаар удахгүй хуулийн төсөл гарч 100%-ийн саналаар Их хурал дэмжих байх.

7-р сарын 1-ний хар өдөр Монгол улсын иргэн амьд явах эрхээ алдсан. Бууны шархтай олон залуу булшинд хэвтэж байгаа. Монгол улсын иргэнд сонгох эрх байхгүй. Өөрийгөө төлөөлсөн хэн нэгнийг дэмжих гээд мянга зүтгээд нэмэргүй. Мөнгө, бараа таваараар угжих эсхүл дуртай хүнээ сонгоод хайрцгандаа хий, тэртээ тэргүй тоолохгүй. Тоолдог нөхдийг нь худалдаад авчихсан гэж даапаалдаг босон. Монгол улсын иргэнд сонгогдох эрх гэж байхгүй. Түмэн янзын хүнд суртал, хахууль нэхэж зуун задгай юман дотор оруулаад тавьчих тул хэдэн зуун сая төгрөг зарах чадалгүй бол хохь чинь гээд салаавч үзүүлнэ. Монгол улсын иргэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх байхгүй. Илүү дутуу юм ярьвал ТӨРД ЗАНДАЛЧИЛСАН гэх мэтээр утгагүй ял тулгаж АХ НАРЫНХАА заасан шиг барьж хориод үгүй хийхийг завдана. Монгол Улсад тэгш эрхийн зарчим гэж байхгүй. Эрх мэдэлтэй, албан тушаалтай бол хууль үйлчлэхгүй. Хүн алж, хүрээ талсан ч яах ч үгүй. Харин мөнгөгүй, хүчин мөхөс эгэл ИРГЭНД хилс хэрэг, худал шалтаг тохож амьдралыг нь үрэн таран хийнэ. Хүссэн хүнийхээ утсыг чагнаж, хүссэн хэмжээгээрээ хулгайлж, хэрэг бишдвэл шавхрууг нь ХИШИГ болгож хүртээнэ. Ичих ч үгүй ардчилсан улс орон, Ази тивдээ жишиг болж байгаагаа гайхацгаан өөрийгөө ардчиллын загалмайлсан эцэг мэтээр төсөөлж уран үгийг урсгана. Юун иргэний нийгэм, иргэний үнэмлэх, иргэний эрх, шударга ёс. АРД ТҮМНЭЭС АЙДАС л үнэртэж байгаа. АРД ТҮМЭН аюутугай, биширтүгэй. Энхрий хайрт ТӨР, НАМ ЗАСАГ минь мандтугай.


Либерализмын тухайд...

Либерализм • Албаны vгээр тодорхойлох юм бол сонгуулиар байгуулагдсан засаглал, хэвлэн нийтлэх, vг хэлэх, шvтэн бишрэх эрх чєлєєг хамгаалдаг, аль нэг анги, хэсэг бvлэг хvний эрх ашгийг тусгайлан авч vзэж, харж ханддаггvй, хувь хvний эрх чєлєєг дээдэлдэг нийгэм, улс тєрийн онол, сургаалыг либерализм гэнэ.
• Либерал улс тєрийн философийн vндсийг тавигч Локк ємч, эрх чєлєє, хvний амь амьдрал гурвыг єєрийн сургаалийн суурь болгосон. Энэ сургаалийг бид сонгодог либерализм ч гэж тодорхойлдог. Сонгодог либерализмын vндсэн зарчмуудыг Английн философич Ж.С.Миллийн Эрх чєлєєний тухай зохиолоос харж болно.
• Либерализм нь анх XVII-XIX зууны vед vvсч хєгжжээ. Хаант засаг, сvм хийд, газрын эздийн эсрэг хийсэн аж vйлдвэр, худалдааны ангийнхны тэмцлийн тусгал болж vvссэн юм. Ялангуяа XVIII зуун бол либерал сэтгэлгээний аугаа их эрин vе байлаа. Энэ vед сонгодог либерали онол гарч ирэхэд Ж.Локк, Д,Хюм, А.Смит, Ж.С.Милль нар их vvрэг гvйцэтгэсэн юм. • Либерализм нь эдийн засгийн хувьд лайзэс-фэйр (laissez faire – гэсэн vгийг хєндлєнгєєс vл оролцох, зєнд нь орхих гэх мэтээр орчуулж болно) зарчимтай яв цав нийлдэг. 

Сайн байцгаан уу?

Миний блог нээгдэж буй өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе? блог.ком дээр нээсэн блог минь яасан нь мэдэхгүй ажиллахаа больчихлоо. Амгаагийн зөвлөснөөр энэ сайт найдвартай гэнэ. За ингээд удахгүй өөрийн нийтлэлүүд болоод өөрт таалагдсан бичлэгүүдээсээ та бүхэндээ сонирхуулнаа.
түр баяртай